Өмнөх үг
Манай улсын эдийн
засаг хөгжих тутам бэлчээр, газар тариалан, дэд бүтэц, хот байгуулалт, аялал
жуулчлал, уул уурхайн салбарт газрыг ашиглах зориулалт нэмэгдэж, үүнтэй уялдан газар-баялгийг
газар-өмч болгон хэрэглэх арга, зохицуулалт жам ёсоор үгүйлэгдэж байна.
Өмнөх тогтолцооноос өвлөсөн Газрын тухай хуулийн хэлбэрийг өөрчлөн, өргөжүүлсэн
нь өмчийн харилцаанд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулахад асуудал үүсгэж байна.
Түүнчлэн, газрыг
иргэдэд өмчлүүлэхийн зэрэгцээ орон нутаг, олон нийт, төр, хувь, хамтарсан
өмчийн байгууллага хоорондын газар-өмчийн харилцааг зохицуулах чадамжтай хууль
үгүйлэгдэж байна. Иймд газартай холбогдох асуудлын учир шалтгааныг тайлбарлан,
газар-өмчийн тухай ойлголт, нэр томьёо, аргачлалыг шинэтгэхэд энэхүү ном
зориулагдав.
Нэгдүгээр бүлэгт Монгол Улсын газрын тухай үнэлэмж, түүний бүрэлдэхүүн, эдийн засгийн
агуулга, газрын нэгдмэл сан, газар ашиглах зориулалт ба эрх, удирдлагын
тогтолцоог эрх зүйн талаас түүхчлэн судалж бичив. 1911-1923 он, 1924-1940 он, 1941-1960 он, 1961-1991
он, 1992-2013 оноор 5 үед хувааж, үе тус бүрд үйлчилсэн Газар эдэлбэрийн тухай хууль,
Газрын тухай хууль тогтоомжийн агуулга, зохицуулах хүрээ, удирдлагын тогтолцоог
харьцуулав. Газрын тухай хуулийн (1994, 2002 он) агуулгын
ололт, зохицуулалтын дутагдлыг холбогдох судалгаагаар баримтжуулан өгүүлж байна.
Хоёрдугаар бүлэгт
Нийтийн болон хувийн өмчийн эрх зүйн зохицуулалт, хууль
тогтоомжийн зохицуулах чадамжтай уялдуулан Газрын тухай хуулийг шинэтгэх
хэрэгцээг тодорхойлов. Газрын нэгдсэн сангийн ангилал, газар ашиглах зориулалт,
газрын эрх зэргийг шинээр тодорхойлж, түүний хэрэгжилтийг үр дүнтэй болгох
санал, хувилбарыг дэвшүүлэв. Газрын тухай хуулийн үзэл баримтлал, зарчимд
суурилсан үндсэн ойлголт, аргачлал, ангиллыг боловсруулж, газрын эрх зүй болон
хуулийг системчилж, хэрэгцээтэй стандарт, хууль, дүрмийн агуулгыг санал болгож
байна.
Гуравдугаар бүлэгт
Байгаль орчноо хамгаалах, ашиглахыг
тэнцвэржүүлж, хөдөө аж ахуй, уул уурхайг хоршуулж, газрын зах зээлийг хөгжүүлж
буй бусад улсын туршлага сургамж нь
хууль боловсруулахад дэм болохыг анхааран судлав. Австрали, Герман, Орос, Казахстан
улсын газар өмчлөх, эзэмших, ашиглах, хамгаалах эрхийг амжилттай нэвтрүүлсэн эрх
зүйн гол агуулга, онцлох зохицуулалтыг түүвэрлэн танилцуулж байна.
Эх сурвалж хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд (1911 оноос хойш) хүчин төгөлдөр үйлчилж ирсэн Газрын тухай дөрвөн хууль
болон эрх зүйн бусад эх сурвалжийн[1]
жагсаалтыг хавсаргав.
Номыг бүтээх
үйлсэд мэдлэг, туршлагаар дэмжин, шүүн тунгаасан редакцын зөвлөлийн гишүүн
Шинжлэх ухааны Академич Ж.Амарсанаа, Улсын бага Хурлын Гишүүн асан Д.Ламжав, Удирдлагын
Академийн доктор, профессор Я.Долгоржав, Хуульч Д.Ганзориг, Системийн шинжээч
Н.Сэлэнгэ нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Газар болон
байгалиа хамгаалах, газар-өмчийг ашиглах тухай онол, практикийн судалгааны
материалдаа тулгуурлан I, II бүлгийг Г.Жаргал, III бүлгийг
Д.Солонго, М.Уянга нар хамтран бүтээсэн бөгөөд эндэж, ташаарсан зүйлийг зөвлөж,
санал ирүүлбэл дуртай хүлээн авна.
Номын цагаан буян дэлгэрэх
болтугай.
Зохиогчид
Номын тухай өгүүлэх нь
Энэ ном нь хуулийг тайлбарласан эрх зүйн сурах бичиг биш, газраа хамгаалан, ашиглах тухай аргыг эрх зүйн талаас судалсан бүтээлч санал, тодорхой үзэл баримтлал юм. Онцлон дурдвал:
·
Байгалийн
салшгүй суурь хэсэг болох газрыг хамгаалах, ашиглахыг хослуулан хэрэгжүүлэх үзэл
санааг зах зээлийн өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй нийцүүлэх судлаачийн эрэл
хайгуулын үр дүн;
·
Өөрийн
улсын газрын тухай дөрвөн хуулийг түүхчлэн харьцуулсан арга зүйн шинэлэг хэлбэр;
·
Гадаад
улсын газрын тухай хуулийн агуулгыг түүвэрлэн харьцуулсан эрх зүйн бүтээл юм.
Хот, хөдөөгийн
иргэд, уул уурхай, дэд бүтэц, хот байгуулалт, орон нутагт тулгамдсан асуудлыг хөндөж, газар өмчлөх арга
замыг хувилбартай дэвшүүлсэн шинэлэг бүтээл болжээ.
Нийгэмд үүссэн
асуудлыг хуулиар зохицуулахгүй бол зөрчил, маргаан оршсоор байх тул хууль
боловсруулахад газартай холбогдох бүх салбарын мэргэжилтэн, иргэдийн оролцоо
чухал болохыг өгүүлж байна.
Манай улсын
газрын эрх зүйд анхны замнал гаргасан доктор, профессор Т.Сэнгэдорж, С.Энхмэнд
зэрэг эрдэмтэн, судлаачдын бүтээлд цуцал нэмэх бэсрэг бүтээл төрсөнд мэргэжил
нэгт нөхөд талархаж байна.
Байгалиа хамгаалан ашиглах уламжлалт арга ажиллагааг орчин үеийн өмчийн харилцаатай нийцүүлэх
шинэтгэлд зохих хэмжээнд хариулт өгсөн
бөгөөд дэвшүүлсэн тодорхойлолт,
санааны заримтай редакцын зөвлөлийн гишүүдээс санал нийлэхгүй зүйл байгаа
болно.
Газрын эрх зүй, хууль тогтоомжийн үзэл
баримтлалыг хэлэлцэхдээ энэ бүтээлийг авах, гээхийн ухаанаар тольдоно уу.
[1] Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл(1206-2011 он). 18 боть, ХЗҮХ, ШУА-ын
ФСЭЗХ, МУИС-ын ХЗС-ын хамтын бүтээлийг эх сурвалж болгов.
No comments:
Post a Comment