Я.Шаарийбуу
Гавьяат багш, МУИС-ын хүндэт профессор, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумыг үүсгэн байгуулагч
Монголын уламжлалт соёлд хүргэн хүү хадмынд ирэхдээ нум, саадагтай
ирэх бөгөөд бэрийн эцэг, эх сум өгдөг ёстой ажээ. Ийнхүү сум өгөхдөө
хэлдэг ерөөл үгийг Шаарийбуу багш бичиж тэмдэглэснийг түүний дурсамж
номоос оруулав.
Сумны ерөөл
Ум сайн амгалан болтугай
Ачит өвөг дээд Чингис хааны маань зохиосон зохиол
Ар өвөр Монголын залгамжилж ирсэн ёсон
Асарваа хаан хурмаст тэнгэрээс заяасан
Аяа гайхамшигт хүргэн хүү чамайг
Ах нар сайдыг дагуулаад
Аглага холыг туулуулж
Агт морьдыг сунгаж
Алтан саадгийг бүслүүлж
Арван цуутыг агсаж
Ангир эрээн нумыг үүрч
Аяарын холоос зорин ирэхэд
Аав ээж хоёр чинь
Алтан сумаар шагнах нь
Балбын дархан балбаж хийсэн
Баатар дархан давтаж хийсэн
Бат цагаан зэвтэй
Хан хурмаст тэнгэрийн наагуур
Халин дэвэн нисэгч
Хан гарьд шувууны
Отгон гурван өдөөр өдөлсөн
Алтай хангай уулын
Ар оргил дээр ургасан
Агарваа зандан модны
Анхдугаар гоо сайхан мөчрийг огтлон авч
Арчилж зүлгэж хийсэн
Ариун цагаан мөстэй
Арслангийн ам ангайсан
Шунхан улаан онитой
Шулуухан сайхан сум билээ
Баатар цолтой хүн ониноос нь баривал
Дайсныг дарж дархан цолыг олдог
Төмрөөс нь баривал төрийг тэтгэж
Түгээмэл их гавьяа сэлтийг байгуулдаг
Далгандаа хийвэл буян хишгийг хураадаг
Дам дамаа хэдэн зүйлийн эрдмээр бүрдсэн
Энэ сумыг ачит хүргэн хүү чамдаа
Бэлэг болгон өгье
Хол бүү явуулаарай
Ховдондоо хийж хадгалаарай
Дэмий бүү харваарай
Дэрнийхээ хөндийд хадгалаарай
Хөхрөгч огторгуйн наагуур
Хөөрөн гардаг хөвөн цагаан үүлнээс
Шиврэн орогч цэцгийн хур борооны
Чийгнээс жигдрэн ургасан ногооны шим
Аяганд хийсэн
Амны цагаан билэг
Нар шиг мандаж
Навч шиг дэлгэрч
Насандаа найртай
Үедээ жаргалтай
Үүрдийн олон онд
Энх мөнх жаргахын сайн ерөөл орших болтугай.
хэмээгээд "Нар булаах" зан үйлийг үйлддэг байжээ.
No comments:
Post a Comment