Friday, 1 January 2016

Mongol sum Монгол сум найраглал

Газар баялгаас өмч үүсгэх арга



Өмнөх үг
Манай улсын эдийн засаг хөгжих тутам бэлчээр, газар тариалан, дэд бүтэц, хот байгуулалт, аялал жуулчлал, уул уурхайн салбарт газрыг ашиглах зориулалт нэмэгдэж, үүнтэй уялдан газар-баялгийг газар-өмч болгон хэрэглэх арга, зохицуулалт жам ёсоор үгүйлэгдэж байна. 

Өмнөх тогтолцооноос өвлөсөн Газрын тухай хуулийн хэлбэрийг өөрчлөн, өргөжүүлсэн нь өмчийн харилцаанд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулахад асуудал үүсгэж байна.

Түүнчлэн, газрыг иргэдэд өмчлүүлэхийн зэрэгцээ орон нутаг, олон нийт, төр, хувь, хамтарсан өмчийн байгууллага хоорондын газар-өмчийн харилцааг зохицуулах чадамжтай хууль үгүйлэгдэж байна. Иймд газартай холбогдох асуудлын учир шалтгааныг тайлбарлан, газар-өмчийн тухай ойлголт, нэр томьёо, аргачлалыг шинэтгэхэд энэхүү ном зориулагдав.     


Нэгдүгээр бүлэгт  Монгол Улсын газрын тухай үнэлэмж, түүний бүрэлдэхүүн, эдийн засгийн агуулга, газрын нэгдмэл сан, газар ашиглах зориулалт ба эрх, удирдлагын тогтолцоог эрх зүйн талаас түүхчлэн судалж бичив. 1911-1923 он, 1924-1940 он, 1941-1960 он, 1961-1991 он, 1992-2013 оноор 5 үед хувааж, үе тус бүрд үйлчилсэн Газар эдэлбэрийн тухай хууль, Газрын тухай хууль тогтоомжийн агуулга, зохицуулах хүрээ, удирдлагын тогтолцоог харьцуулав. Газрын тухай хуулийн (1994, 2002 он) агуулгын ололт, зохицуулалтын дутагдлыг холбогдох судалгаагаар баримтжуулан өгүүлж байна.


Хоёрдугаар бүлэгт  Нийтийн болон хувийн өмчийн эрх зүйн зохицуулалт, хууль тогтоомжийн зохицуулах чадамжтай уялдуулан Газрын тухай хуулийг шинэтгэх хэрэгцээг тодорхойлов. Газрын нэгдсэн сангийн ангилал, газар ашиглах зориулалт, газрын эрх зэргийг шинээр тодорхойлж, түүний хэрэгжилтийг үр дүнтэй болгох санал, хувилбарыг дэвшүүлэв. Газрын тухай хуулийн үзэл баримтлал, зарчимд суурилсан үндсэн ойлголт, аргачлал, ангиллыг боловсруулж, газрын эрх зүй болон хуулийг системчилж, хэрэгцээтэй стандарт, хууль, дүрмийн агуулгыг санал болгож байна. 


Гуравдугаар бүлэгт  Байгаль орчноо хамгаалах, ашиглахыг тэнцвэржүүлж, хөдөө аж ахуй, уул уурхайг хоршуулж, газрын зах зээлийг хөгжүүлж буй  бусад улсын туршлага сургамж нь хууль боловсруулахад дэм болохыг анхааран судлав. Австрали, Герман, Орос, Казахстан улсын газар өмчлөх, эзэмших, ашиглах, хамгаалах эрхийг амжилттай нэвтрүүлсэн эрх зүйн гол агуулга, онцлох зохицуулалтыг түүвэрлэн танилцуулж байна.

Эх сурвалж хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд (1911 оноос хойш) хүчин төгөлдөр үйлчилж ирсэн Газрын тухай дөрвөн хууль болон эрх зүйн бусад эх сурвалжийн[1] жагсаалтыг хавсаргав.


Номыг бүтээх үйлсэд мэдлэг, туршлагаар дэмжин, шүүн тунгаасан редакцын зөвлөлийн гишүүн Шинжлэх ухааны Академич Ж.Амарсанаа, Улсын бага Хурлын Гишүүн асан Д.Ламжав, Удирдлагын Академийн доктор, профессор Я.Долгоржав, Хуульч Д.Ганзориг, Системийн шинжээч Н.Сэлэнгэ нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Газар болон байгалиа хамгаалах, газар-өмчийг ашиглах тухай онол, практикийн судалгааны материалдаа тулгуурлан  I, II бүлгийг Г.Жаргал, III бүлгийг Д.Солонго, М.Уянга нар хамтран бүтээсэн бөгөөд эндэж, ташаарсан зүйлийг зөвлөж, санал ирүүлбэл дуртай хүлээн авна.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Зохиогчид



Номын тухай өгүүлэх нь

 Энэ ном нь хуулийг тайлбарласан эрх зүйн сурах бичиг биш, газраа хамгаалан, ашиглах тухай аргыг эрх зүйн талаас судалсан бүтээлч санал, тодорхой үзэл баримтлал юм. Онцлон дурдвал:

·         Байгалийн салшгүй суурь хэсэг болох газрыг хамгаалах, ашиглахыг хослуулан хэрэгжүүлэх үзэл санааг зах зээлийн өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй нийцүүлэх судлаачийн эрэл хайгуулын үр дүн;

·         Өөрийн улсын газрын тухай дөрвөн хуулийг түүхчлэн харьцуулсан арга зүйн шинэлэг хэлбэр;

·         Гадаад улсын газрын тухай хуулийн агуулгыг түүвэрлэн харьцуулсан эрх зүйн бүтээл юм.


Хот, хөдөөгийн иргэд, уул уурхай, дэд бүтэц, хот байгуулалт, орон нутагт  тулгамдсан асуудлыг хөндөж, газар өмчлөх арга замыг хувилбартай дэвшүүлсэн шинэлэг бүтээл болжээ.


Нийгэмд үүссэн асуудлыг хуулиар зохицуулахгүй бол зөрчил, маргаан оршсоор байх тул хууль боловсруулахад газартай холбогдох бүх салбарын мэргэжилтэн, иргэдийн оролцоо чухал болохыг өгүүлж байна.


Манай улсын газрын эрх зүйд анхны замнал гаргасан доктор, профессор Т.Сэнгэдорж, С.Энхмэнд зэрэг эрдэмтэн, судлаачдын бүтээлд цуцал нэмэх бэсрэг бүтээл төрсөнд мэргэжил нэгт нөхөд талархаж байна.


Байгалиа хамгаалан ашиглах уламжлалт арга ажиллагааг орчин үеийн өмчийн харилцаатай нийцүүлэх шинэтгэлд зохих хэмжээнд хариулт өгсөн бөгөөд дэвшүүлсэн тодорхойлолт, санааны заримтай редакцын зөвлөлийн гишүүдээс санал нийлэхгүй зүйл байгаа болно.

Газрын эрх зүй, хууль тогтоомжийн үзэл баримтлалыг хэлэлцэхдээ энэ бүтээлийг авах, гээхийн ухаанаар тольдоно уу.  

Редакцын зөвлөл

Ухаарлын үг

Бэрхшээл биднийг сорьж
Бид аргыг олно              
                                                 Г.Жаргал   2013 он
 Бурхан, ном, багшдаа сүслэн мөргөж
Буяныг санаж, хишгийг хүртэж
Буурал өвгөдөө дээдэлж
Булт олноор гэгээрнэ
                                                 Г.Жаргал    2014 он

Би оршихуй  Бид бүтээхүй
                                                 Г.Жаргал  2015 он


      Хос арван эрдэнэ
Эрүүл мэнд            Эрүүл орчин
Эрдэм боловсрол   Энэрэл хайр
Эв нэгдэл                Эрхэмсэг оршихуй
Эрч хүч                   Энэрэн нигүүлсэхүй
Эрхэм төр             Энэгүй үйлс 
                                                   Г.Жаргал  2014 он

Улсын олигархиуд нь
Уурхайгаа гадныхан зараад
     Нутгийн олигархиуд нь
     Газраа хотынхонд зараад
Уламжлал ахуй, соёл минь 
Мөнгөд арчигдлаа
                                      Г.Жаргал  2015 он   

 Ноён хутагт Данзанравжаагийн Гурамсан сүлжээнд нэмэрлэх Жаргалын үг 
Дотоод гурван хор нь
Гутрах, шаналах, өширхөх
   Зовлонгийн гурван шалтгаан нь
   Шунал, хорсол, мунхаглал
Нигүүсэл хайрын бүрдэл нь
Итгэл, зориг, шийдэмгий 
   Сэтгэл сэвтээх гурван хорлол нь 
   Үзэл ядалт, уур хилэн, атгаг бодол
Тэвчин арилгах гурван төлөв нь 
Бухимдах, уурлах, улайрах
    Тэнхлүүн явах гурав үндэс нь 
    Ужуу сэтгэл, эрүүл бие, саруул ухаан
Ядрах цагт үйлдүүштэй нь 
Тэвчээр, сэтгэлийн хат, ухаарал
Зүйр үг
   Хад бүхэн хаантай

   Бут бүхэн бурхантай  

  Наран мэт үл хождох
 Нуур мэт үл голох 
                      Эртний бичгээс
 




                                  

Төслийн удирдлага



Өмнөх үг
Төслийн хэрэгцээ, ач холбогдлыг хүн бүр мэдэх боловч өөрт нь боломж гарахад яах учраа олохгүй гайхширдаг. Хэрэгжсэн төслийг хараад амархан гэж бодовч өөрөө хийхэд хэцүү байдаг. Ингээд төсөл боловсруулах сайн хүнийг хайдаг.
Олон улсын PMBok, ISO21500, Монгол Улсын “MNS ISO 21500:2013 Төслийн удирдлагын арга зүйн заавар” стандарт нь төсөл боловсруулах, хэрэгжүүлэх арга зүйг байнга боловсронгуй болгодог.  
Төслийн санааг хөгжүүлэх, баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэх нь бүтээлч сэтгэлгээ, хамтын ажиллагаанд тулгуурлаж, байнга суралцаж, хөдөлмөрлөх шаардлагатай байдаг. Үүнд ном тэвчээр хоёр тусална.
Төслийн стандарт аргачлал, сургалт, судалгаа, зөвлөгөө, лекцийн үеийн асуулт, хариулт, мэдлэг туршлагаар баяжуулж, номын 7 дахь хэвлэлийг уншигч танд өргөж байна.
Энэ номд төслийн удирдлагыг хоёр ангилж, Төсөл боловсруулах аргыг дэлгэрэнгүй тайлбарлаж, Төсөл хэрэгжүүлэх удирдлагыг хураангуйлан бичив.
Төслийн зорилго, баг, арга, нөөц, хугацааны 5 бүрдлийг хэрэглэхэд дөхөм байдлаар тус номын 12 бүлгийг уялдуулан бичив. Бизнесийн төсөл, Нийгмийн хөтөлбөр, төсөл боловсруулах арга зүйн ялгааг загварчлан тайлбарлав.
Төсөл бичихээр зорьсон хүмүүс загвар сураглах тул хавсралт хэсэгт жишээ, загварыг оруулснаас сонгож хэрэглэхийг зөвлөж байна.
Шинийг санаачлагч, өөрчлөлтийг хэрэгжүүлэгчид багшийн удирдлагаар болон  үйлдэн суралцахад зориулж, асуултад хариулах боломжтой бүтээв.
Номыг дээдлэн бүтээх ухаан хайрласан эрхэм багш нар болон мэргэжлийн зөвлөгөө өгсөн доктор Д.Ганбаатар, доктор С.Энхсайхан, доктор Ц.Батсүх нарт талархал илэрхийлье.
Санал, шүүмж, хүсэлтээ jargal15@gmail. com хаягаар илрүүлнэ үү.

Номд мөргөмүй, багшид мөргөмүй. Номын цагаан буян дэлгэртүгэй!

Нутаг минь


        Нутаг минь 

Зохиолч Л.Одончимэд 

Төрж өссөн нутаг гэдэг
Зорьж ирсэн голомт минь юм

     Алхам ч ходохын учиргүй
    Алд биеийн минь хэсэг юм

Аавын нэрийн өмнө бичигдэх
Алдартай дүйх эрдэнэ юм
    Нутаг гэдэг амь юм
    Амь гэдэг нутаг юм

Нутаг, амь хоёр
Нуур, шувуу хоёр юм
          
Соён гэгээрүүлэгч ТВ-ийн Сонгодог ном (2013.10.23) нэвтрүүлэгт "Монгол сум" номын сэдвээр ярилцах өглөө зохиож, уншиж өглөө.

Сумны ерөөл

Я.Шаарийбуу
Гавьяат багш, МУИС-ын хүндэт профессор, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумыг үүсгэн байгуулагч

Монголын уламжлалт соёлд хүргэн хүү хадмынд ирэхдээ нум, саадагтай ирэх бөгөөд бэрийн эцэг, эх сум өгдөг ёстой ажээ. Ийнхүү сум өгөхдөө хэлдэг ерөөл үгийг Шаарийбуу багш бичиж тэмдэглэснийг түүний дурсамж номоос оруулав.

        Сумны ерөөл
        Ум сайн амгалан болтугай
Ачит өвөг дээд Чингис хааны маань зохиосон зохиол
Ар өвөр Монголын залгамжилж ирсэн ёсон
Асарваа хаан хурмаст тэнгэрээс заяасан
Аяа гайхамшигт хүргэн хүү чамайг
    Ах нар сайдыг дагуулаад
    Аглага холыг туулуулж
    Агт морьдыг сунгаж
    Алтан саадгийг бүслүүлж
    Арван цуутыг агсаж
    Ангир эрээн нумыг үүрч
    Аяарын холоос зорин ирэхэд
    Аав ээж хоёр чинь
    Алтан сумаар шагнах нь

Балбын дархан балбаж хийсэн
Баатар дархан давтаж хийсэн
Бат цагаан зэвтэй
   Хан хурмаст тэнгэрийн наагуур
   Халин дэвэн нисэгч
   Хан гарьд шувууны
   Отгон гурван өдөөр өдөлсөн
Алтай хангай уулын
Ар оргил дээр ургасан
Агарваа зандан модны
Анхдугаар гоо сайхан мөчрийг огтлон авч
Арчилж зүлгэж хийсэн
Ариун цагаан мөстэй
   Арслангийн ам ангайсан
   Шунхан улаан онитой
   Шулуухан сайхан сум билээ

Баатар цолтой хүн ониноос  нь баривал
Дайсныг дарж дархан цолыг олдог
Төмрөөс нь баривал  төрийг тэтгэж
Түгээмэл их гавьяа сэлтийг байгуулдаг
    Далгандаа хийвэл буян хишгийг хураадаг
    Дам дамаа хэдэн зүйлийн эрдмээр бүрдсэн
    Энэ сумыг ачит хүргэн хүү чамдаа
    Бэлэг болгон өгье
Хол бүү явуулаарай
Ховдондоо хийж хадгалаарай
Дэмий бүү харваарай
Дэрнийхээ хөндийд хадгалаарай
   Хөхрөгч огторгуйн наагуур
   Хөөрөн гардаг хөвөн цагаан үүлнээс
   Шиврэн орогч цэцгийн хур борооны
   Чийгнээс жигдрэн ургасан ногооны шим
Аяганд хийсэн
Амны цагаан билэг
Нар шиг мандаж
Навч шиг дэлгэрч
Насандаа найртай
Үедээ жаргалтай
Үүрдийн олон онд
Энх мөнх жаргахын сайн ерөөл орших болтугай.
хэмээгээд "Нар булаах" зан үйлийг үйлддэг байжээ. 

Сумын наадам

Д.Пүрэвдорж яруу найрагч
                              Сумын наадам
Суусрын гүйдэлт салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу

Дурлал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Дугариг цагаан царайгаар наран дороос мишээв үү
Дулаан амьсгалд дасаалгүй бас л дахин зовоохоор
Дун цагаан шүдээр наадамч дундаас инээв үү

Хайр гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хайлган цайлган сэтгэлтэй хүний үртэй учруулав уу
Халуун дэрний хавьд бас л дахин зовоохоор
Хадамд очсон бэртэй хүнээс далдуур уулзуулав уу

Хүсэл гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хүүхэн ялдам хонгорын ангир цээжийг түшүүлэв үү
Хүний хүнтэй дасгаж бас л дахин зовоохоор
Хүрэн шандан тэрлэгний суман хормой шүргүүлэв үү

Учрал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Уруулын халуун амсраар зүрхний балыг шимүүлэв үү
Уураг цээжний хагацалд бас л дахин зовоохоор
Улаан чулуун бэлзэг ядам хуруунд зүүлгэв үү

Борви нугалах хэвтэргүй борхон туулай хөөрхий
Бохирон жиргэх мөчиргүй болжмор шувуу хөөрхий
Больё гэвч болихгүй борхон зүрх минь хөөрхий
Болъё гэвч болохгүй богинохон заяа минь хөөрхий

Суусрын гүйдэлт салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу