Sunday, 13 December 2015

Хувь хүний хөгжил




Өмнөх үг

Энэ номыг өөрийгөө танин хөгжүүлж, нийгмийн хөгжлийг гардан бүтээж, өөрчлөлтийг манлайлан удирдагчдад зориулав.
“Би-гээс Бид хүрэх зам: Өөрийгөө болон бусдыг таних сорил, загвар” хэмээн давхар нэрлэсний учрыг товч тайлбарлая.

Би-гээс Бид хүрэх замын тухайд: Хувь хүн өөрийн оюун санааны хувьд давтагдашгүй нэгэн гайхалтай Би хэмээх ертөнц бөгөөд өөрийгөө таних, хөгжүүлэх оролдлогыг насан туршдаа хийдэг.
Хувь хүн Би нь нийгмийн олон талтай харилцаанд орохдоо Бид хэмээх гэр бүл, хамт олон, байгууллагын бүрэлдэхүүн болж тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, Би нь оршихуй, Бид нь хамтран бүтээх тухай ойлголт юм.

Өөрийгөө болон бусдыг таних сорил, загварын тухайд: Эрдэмтэд хүний олон талт чадварыг тодорхойлж, эдгээрийг хөгжүүлэх арга зүйг боловсруулжээ. Эдгээр загварыг өөрийгөө удирдах, бусадтай хамтран ажиллах, тэднийг удирдах, манлайлах үйлсэд хэрэглэхэд дөхөм байдлаар эмхтгэв. Үүний зэрэгцээ монгол хүний сэтгэл зүй, нийгэм соёлын онцлогт нийцүүлэн Хөгжил итгэл, Хөгжлийн түлхүүр загвар болон өөрийгөө таних сорил, дасгал шинээр боловсруулав.

Би-гээс Бид хүрэх адармаатай зам гурван даваатай тул номыг гурван бүлгээр бичив. Өөрийгөө таньж хөгжүүлэх, Бусадтай хамтран ажиллах, Бусдыг удирдах, тэдэнд нөлөөлөх гэсэн гурван бүлэг Би хэн бэ? Бид хэрхэн хамтрах вэ? Бусдыг хэрхэн удирдах вэ? гэсэн асуултад хариулахад тусална.
Өөрийгөө таньж хөгжүүлэх бүлэгт хувь хүний үнэт зүйл, төвөө таних (Ковей), анхаарлаа шалгах, суралцах аргаа таних (Давид Колб), төлөвлөх чадвар, хувийн зохион байгуулалт, цаг ашиглалт, өөрчлөлтөд хандах, зүүн баруун тархины хөгжил (Салли Спрингер), тархины дааврын онцлог (Аллан + Барбара Пиз) зэрэг сэтгэлгээ, оюуны чадвар, хандлагыг тодорхойлох чиглэлээр гадаадын эрдэмтэн судлаачдын боловсруулж, үр дүнтэй болох нь батлагдсан сорилуудыг оруулав.

Бусадтай хамтран ажиллах бүлэгт өөртөө болон бусдад итгэх, хөгжил- итгэл загвар (Жаргал), багт гүйцэтгэх үүрэг-дүр (Белбин), багаар ажиллахад  гишүүдийн зан төлөв онцлогийг анхаарах (Мастон), зөрчлийн үед баримтлах арга (Килмен), хамт олондоо нэр хүндтэй эсэх, сэтгэл хөдлөл харилцааны чадвар, стрессийн төвшин, өөрийн үнэлэмж хандлага, санхүүгийн мэдлэг (Бодо Шефер), бизнес эрхлэх чадвар, ажил горилогчийн зан чанар ажлын байранд нийцэх эсэх (Янагимота Шинжи) зэрэг ази, америкийн эрдэмтдийн боловсруулсан эдүгээ хөгжсөн оронд түгээмэл хэрэглэж буй сорил, загварыг оруулав. Эдгээрийг зохиосон эрдэмтэн, зохиолчдын бүтээлийн нэрийг тухай бүр бичсэн тул дэлгэрүүлэн уншихыг зөвлөж байна.         

Бусдыг удирдах, нөлөөлөх бүлэгт удирдах X Y Z арга барил (Дуглас МакГрегор, Оучи), удирдах ба манлайлах арга барил, манлайллын хүрээ (Деннис Роминг), манлайлагчийн шинж чанар өөрт байгаа эсэх, суралцагч байгууллагын шинж, хэрэгцээг тодорхойлох сорилыг оруулав.

Хөгжсөн орны жишгээс суралцахын зэрэгцээ Монгол удирдагчдын манлайлах арга барил, дүр төрх (Лхаашид.Д), хаан хүний эрдэм, Атилла хааны  зарчим, Чингис хааны эрдэм, Гурамсан сүлжээ зэргийг оруулав. Энэ бүлэг бусдыг удирдах, манлайлах зорилготой, ажил үүрэг эрхэлж буй, өсөн дэвжих тэмүүлэлтэй (карьер менежмент), байгууллагаа хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах эрмэлзэлтэй удирдагчдад зориулагдав.
Энэ номыг нэг удаа унших бус, 6-12 сар тутам өөрийгөө үнэлэн сорьж, өмнөх дүнтэй харьцуулбал Таны бүтээлч сэтгэлгээ, хамтрах итгэл нэмэгдэж, амьдрал, ажлын зорилгоо хослуулан хэрэгжүүлэхэд дэмжлэг болно.

Би-гээс Бид хүрэх зам бол оюун ухаан, сэтгэлгээ, хандлага, үйлдлээ хөгжүүлэн тэгшлэх өлзийт зам болно. Амжилтад тэмүүлсэн, түүндээ хүрсэн хүмүүс “бид” хэмээн бардам өгүүлж, хамтарч  чаддаг ажээ.  Өөрийгөө таньж, ур чадвараа нээн, хөгжүүлснээр “сэтгэлээ засаад, өрхөө тэгшилж, улсдаа тусалж”, бодиттой бүтээлээрээ бусдаас тодордог.
Бүтээлийг уншиж, удирдлагын сэтгэл зүйн мэргэжлийн зөвлөгөө өгсөн доктор, профессор Ч.Санжмятав багшдаа баярласнаа илэрхийлж, судлах сургах үйлс тань улам их дэлгэрч байхын өрөөл дэвшүүлье!
Удирдахуйн ухааны судалгаа, сургалт, удирдах, зөвлөх ажлын туршлагадаа тулгуурлан уншигч, сонсогчдын хүсэлтээр номын хоёр дахь хэвлэлийг шинэчлэн бүтээснээ өргөн барив. Санал, хүсэлт, талархлаа ирүүлсэн Та бүхэнд баярлалаа. Таны өөртэйгөө ажиллах, бусдыг удирдах үйлсэд амжилт хүсье!
Номын цагаан буйн дэлгэрэх болтугай

Удирдлагын Академийн
Менежментийн тэнхимийн
дэд профессор, доктор (Ph.D) Г.Жаргал 
Удирдлагын Академийн докторант Н.Сэлэнгэ
2015.11.12

Редакторын үг

“Би- гээс Бид хүрэх зам” хэмээх өвөрмөц нэртэй энэхүү бүтээл нь удирдахуйн сэтгэл судлалын ухаанд хэрэглэдэг хүнийг шинжин таних аргуудыг ойлгомжтой, гүн утгыг нь алдагдуулалгүй авч үзсэн нь ихээхэн чухал ач холбогдолтой болжээ.

Зохиогчид гадаадын эрдэмтдийн үзэл, загвар дээр суурилан шинэлэг санаа, загвар гаргаж уран сэтгэмжилсэн байдал нь ихээхэн сонирхол татаж байна. Жишээ нь: Жаргалын хөгжил- итгэл загвар
Уг бүтээлд хүн өөрийгөө хэдийчинээ гүнзгий ухаарч ойлгож чадна тэр хэмжээгээр бусдыг нээж, тэдэнд нөлөөлж удирдан жолоодох юм гэсэн үзэл санаа нэвт шингэсэн мэт санагдана.      

Хүний зан ааль, гадаад төрх байдал, явдал суудал, хийж байгаа ажил үйл, хэлж байгаа үг, бие эрхтэн, эх дэлхийн  жам зүй тогтол хийгээд төрж өссөн цаг хугацаа, амьдарч буй орон зайгаар нь танин шинжих цогц ухааныг бидний өвөг дээдэс үе дамжуулан уламжилж, судар номондоо бичиглэн үлдээсээр арвин баялаг туршлага хуримтлуулсан нь номч эрдэмтдийн сонирхлыг татсаар байна.

Бүтээлийн төгсгөлд Монголчуудын уламжлалт удирдахуйн ухаанд суурь, зарчим болж ерөнхийлэгдсөн сэтгэлгээний үр дүнгээс авч ашигласан нь уншигчдын урмыг өдөөх цахиур болжээ.
Цаашид зохиогчид өөрийгөө болон бусдыг шинжин таних, оношилохуйн ухааны аргуудыг иж бүрэн  байдлаар нь нутагшуулан, хэд хэдэн удаа давтан туршилт судалгаа хийж дасган хэвшүүлж, хэрэглээнд оруулах нь хүний нөөцийн удирдахуйн ухаанд ихээхэн дэвшил авч ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Өсөн дэвжих тэмүүлэлтэй, ажил хэрэгч хүмүүст зориулсан арга зүйн шинж чанартай энэ номыг миний бие ихэд тоон олзуурхаж хянан тохиолдуулахын ялдамд хүндэт зохиогчдын бүтээл арвин, үг нь цэцэн, үзэг нь хурц байхын ерөөл өргөе!
Удирдлагын Академийн
Социологи, сэтгэл зүйн тэнхимийн эрхлэгч
Доктор, профессор Ч.Санжмятав



No comments:

Post a Comment