Saturday, 19 December 2015

Сумын заан

Ч.Мягмарсүрэн яруу найрагч
            Сумын заан
Хол явж барилдаагүй    
Сумын заан
Хот орж зодоглоогүй
Сумын заан
Армийн гурван жил
Хил дээр зогсож
“Аз дутаж”
“Алдарт” ороогүй

Сумын заан
Ардын их баяр наадмаар
Аваргуудыг
“Араажаваар” цоллоход
Өөрийгөө цоллосон юм шиг
Баярладаг
Гуяа алгаддаг
Сумын заан
Эмээл дээр төрсөн юм шиг
Эрэлд явж
“Эр бор харцага”-ыг
Тэрлэгээ гандтал
Хээр дуулж,
Морь шинжиж
Өссөн, бас
Өтлөх
Сумын заан
Хорьтойдоо, сурсан
Ганц мэхээ
Хориогүй хийдэг
Хорьсон ч бас хийдэг
Хийхээрээ давдаг
Заргүйгээс
Залууг
Зартайгаас
Зааныг ч давдаг!
Ганц тэр мэх нь
Гар дунгуй
Ноднин жилийн наадамд
Ногт ганзагалж ирсэн
Хөрш сумын
Хөрстэй хүргэр
Цөстэй хүрэн эрийг
Хүсэл бардам зан,
Хүүхнүүдийн харц
Дуртай нь ч бас
Дунгуйлдаж хаячихаад,
“Манаатай хө” гэж алга болчихоод
Маргааш нь ч ирээгүй
Сумын заан

Дээш арсаж зодогловол
Дэвжээ нь үгүйлэх
Сумын заан
Өөдөө өгсөж барилдвал
Өвгөд нь үгүйлэх
Сумын заан.
Хүүхдүүдээ эрхлүүлж
Хүзүүн дээрээ мордуулж
Сур элдэж
адуу дэллэж,
Сураг тавьж
эрэлд явж
Сумандаа л барилдаж
Дандаа биш ч түрүүлж
Даага хөтөлсөн
Сумын заан.

Сумын наадам


Д.Пүрэвдорж яруу найрагч
                              Сумын наадам
Суусрын гүйдэлт салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу

Дурлал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Дугариг цагаан царайгаар наран дороос мишээв үү
Дулаан амьсгалд дасаалгүй бас л дахин зовоохоор
Дун цагаан шүдээр наадамч дундаас инээв үү

Хайр гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хайлган цайлган сэтгэлтэй хүний үртэй учруулав уу
Халуун дэрний хавьд бас л дахин зовоохоор
Хадамд очсон бэртэй хүнээс далдуур уулзуулав уу

Хүсэл гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хүүхэн ялдам хонгорын ангир цээжийг түшүүлэв үү
Хүний хүнтэй дасгаж бас л дахин зовоохоор
Хүрэн шандан тэрлэгний суман хормой шүргүүлэв үү

Учрал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Уруулын халуун амсраар зүрхний балыг шимүүлэв үү
Уураг цээжний хагацалд бас л дахин зовоохоор
Улаан чулуун бэлзэг ядам хуруунд зүүлгэв үү

Борви нугалах хэвтэргүй борхон туулай хөөрхий
Бохирон жиргэх мөчиргүй болжмор шувуу хөөрхий
Больё гэвч болихгүй борхон зүрх минь хөөрхий
Болъё гэвч болохгүй богинохон заяа минь хөөрхий

Суусрын гүйдэлт салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу

Сумны ерөөл

Я.Шаарийбуу
Гавьяат багш, МУИС-ын хүндэт профессор, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумыг үүсгэн байгуулагч

Монголын уламжлалт соёлд хүргэн хүү хадмынд ирэхдээ нум, саадагтай ирэх бөгөөд бэрийн эцэг, эх сум өгдөг ёстой ажээ. Ийнхүү сум өгөхдөө хэлдэг ерөөл үгийг Шаарийбуу багш бичиж тэмдэглэснийг түүний дурсамж номоос оруулав.

        Сумны ерөөл
        Ум сайн амгалан болтугай
Ачит өвөг дээд Чингис хааны маань зохиосон зохиол
Ар өвөр Монголын залгамжилж ирсэн ёсон
Асарваа хаан хурмаст тэнгэрээс заяасан
Аяа гайхамшигт хүргэн хүү чамайг
    Ах нар сайдыг дагуулаад
    Аглага холыг туулуулж
    Агт морьдыг сунгаж
    Алтан саадгийг бүслүүлж
    Арван цуутыг агсаж
    Ангир эрээн нумыг үүрч
    Аяарын холоос зорин ирэхэд
    Аав ээж хоёр чинь
    Алтан сумаар шагнах нь

Балбын дархан балбаж хийсэн
Баатар дархан давтаж хийсэн
Бат цагаан зэвтэй
   Хан хурмаст тэнгэрийн наагуур
   Халин дэвэн нисэгч
   Хан гарьд шувууны
   Отгон гурван өдөөр өдөлсөн
Алтай хангай уулын
Ар оргил дээр ургасан
Агарваа зандан модны
Анхдугаар гоо сайхан мөчрийг огтлон авч
Арчилж зүлгэж хийсэн
Ариун цагаан мөстэй
   Арслангийн ам ангайсан
   Шунхан улаан онитой
   Шулуухан сайхан сум билээ

Баатар цолтой хүн ониноос  нь баривал
Дайсныг дарж дархан цолыг олдог
Төмрөөс нь баривал  төрийг тэтгэж
Түгээмэл их гавьяа сэлтийг байгуулдаг
    Далгандаа хийвэл буян хишгийг хураадаг
    Дам дамаа хэдэн зүйлийн эрдмээр бүрдсэн
    Энэ сумыг ачит хүргэн хүү чамдаа
    Бэлэг болгон өгье
Хол бүү явуулаарай
Ховдондоо хийж хадгалаарай
Дэмий бүү харваарай
Дэрнийхээ хөндийд хадгалаарай
   Хөхрөгч огторгуйн наагуур
   Хөөрөн гардаг хөвөн цагаан үүлнээс
   Шиврэн орогч цэцгийн хур борооны
   Чийгнээс жигдрэн ургасан ногооны шим
Аяганд хийсэн
Амны цагаан билэг
Нар шиг мандаж
Навч шиг дэлгэрч
Насандаа найртай
Үедээ жаргалтай
Үүрдийн олон онд
Энх мөнх жаргахын сайн ерөөл орших болтугай.
хэмээгээд "Нар булаах" зан үйлийг үйлддэг байжээ. 


Monday, 14 December 2015

Өвөрхангай Есөн зүйл сум

Сумын наадам, ардын соёл урлаг

Ховд аймаг Мөст сум

Зүгээр л нэг амьдрахсан
Зүлгэн гэрээ бариад
                                Яруу найрагч Ц.Хулан

Sunday, 13 December 2015

Танилцуулга

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор Б.Чимид багштайгаа аймаг, сум, багийн судалгааг арав гаруй жил хийсэн билээ. 
Багшийнхаа өгсөн "Сум Жаргал" хэмээх алдараар блогоо нэрлэв.

Блогдоо дараах сэвдээр бичсэн зүйлээ Та бүхэнтэй хуваалцана. 
  • Хувь хүний хөгжил & Багаар ажиллах арга
  • Менежментийн ухаан & Манлайлах урлаг
  • Төсөл боловсруулах & удирдах арга 
  • Орон нутаг судлал: нутаг дэвсгэр, эдийн засаг, эрх зүй, засаг захиргаа, нийгэм соёл
  • Улсын газрын бодлого, удирдлага, газар баялгаас өмч үүсгэх арга
  • Ухаарлын үг & Шүлэг найраглалаас Та бүхэн өргөн барина.  jargal15g@gmail.com

Хувь хүний хөгжил




Өмнөх үг

Энэ номыг өөрийгөө танин хөгжүүлж, нийгмийн хөгжлийг гардан бүтээж, өөрчлөлтийг манлайлан удирдагчдад зориулав.
“Би-гээс Бид хүрэх зам: Өөрийгөө болон бусдыг таних сорил, загвар” хэмээн давхар нэрлэсний учрыг товч тайлбарлая.

Би-гээс Бид хүрэх замын тухайд: Хувь хүн өөрийн оюун санааны хувьд давтагдашгүй нэгэн гайхалтай Би хэмээх ертөнц бөгөөд өөрийгөө таних, хөгжүүлэх оролдлогыг насан туршдаа хийдэг.
Хувь хүн Би нь нийгмийн олон талтай харилцаанд орохдоо Бид хэмээх гэр бүл, хамт олон, байгууллагын бүрэлдэхүүн болж тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, Би нь оршихуй, Бид нь хамтран бүтээх тухай ойлголт юм.

Өөрийгөө болон бусдыг таних сорил, загварын тухайд: Эрдэмтэд хүний олон талт чадварыг тодорхойлж, эдгээрийг хөгжүүлэх арга зүйг боловсруулжээ. Эдгээр загварыг өөрийгөө удирдах, бусадтай хамтран ажиллах, тэднийг удирдах, манлайлах үйлсэд хэрэглэхэд дөхөм байдлаар эмхтгэв. Үүний зэрэгцээ монгол хүний сэтгэл зүй, нийгэм соёлын онцлогт нийцүүлэн Хөгжил итгэл, Хөгжлийн түлхүүр загвар болон өөрийгөө таних сорил, дасгал шинээр боловсруулав.

Би-гээс Бид хүрэх адармаатай зам гурван даваатай тул номыг гурван бүлгээр бичив. Өөрийгөө таньж хөгжүүлэх, Бусадтай хамтран ажиллах, Бусдыг удирдах, тэдэнд нөлөөлөх гэсэн гурван бүлэг Би хэн бэ? Бид хэрхэн хамтрах вэ? Бусдыг хэрхэн удирдах вэ? гэсэн асуултад хариулахад тусална.
Өөрийгөө таньж хөгжүүлэх бүлэгт хувь хүний үнэт зүйл, төвөө таних (Ковей), анхаарлаа шалгах, суралцах аргаа таних (Давид Колб), төлөвлөх чадвар, хувийн зохион байгуулалт, цаг ашиглалт, өөрчлөлтөд хандах, зүүн баруун тархины хөгжил (Салли Спрингер), тархины дааврын онцлог (Аллан + Барбара Пиз) зэрэг сэтгэлгээ, оюуны чадвар, хандлагыг тодорхойлох чиглэлээр гадаадын эрдэмтэн судлаачдын боловсруулж, үр дүнтэй болох нь батлагдсан сорилуудыг оруулав.

Бусадтай хамтран ажиллах бүлэгт өөртөө болон бусдад итгэх, хөгжил- итгэл загвар (Жаргал), багт гүйцэтгэх үүрэг-дүр (Белбин), багаар ажиллахад  гишүүдийн зан төлөв онцлогийг анхаарах (Мастон), зөрчлийн үед баримтлах арга (Килмен), хамт олондоо нэр хүндтэй эсэх, сэтгэл хөдлөл харилцааны чадвар, стрессийн төвшин, өөрийн үнэлэмж хандлага, санхүүгийн мэдлэг (Бодо Шефер), бизнес эрхлэх чадвар, ажил горилогчийн зан чанар ажлын байранд нийцэх эсэх (Янагимота Шинжи) зэрэг ази, америкийн эрдэмтдийн боловсруулсан эдүгээ хөгжсөн оронд түгээмэл хэрэглэж буй сорил, загварыг оруулав. Эдгээрийг зохиосон эрдэмтэн, зохиолчдын бүтээлийн нэрийг тухай бүр бичсэн тул дэлгэрүүлэн уншихыг зөвлөж байна.         

Бусдыг удирдах, нөлөөлөх бүлэгт удирдах X Y Z арга барил (Дуглас МакГрегор, Оучи), удирдах ба манлайлах арга барил, манлайллын хүрээ (Деннис Роминг), манлайлагчийн шинж чанар өөрт байгаа эсэх, суралцагч байгууллагын шинж, хэрэгцээг тодорхойлох сорилыг оруулав.

Хөгжсөн орны жишгээс суралцахын зэрэгцээ Монгол удирдагчдын манлайлах арга барил, дүр төрх (Лхаашид.Д), хаан хүний эрдэм, Атилла хааны  зарчим, Чингис хааны эрдэм, Гурамсан сүлжээ зэргийг оруулав. Энэ бүлэг бусдыг удирдах, манлайлах зорилготой, ажил үүрэг эрхэлж буй, өсөн дэвжих тэмүүлэлтэй (карьер менежмент), байгууллагаа хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах эрмэлзэлтэй удирдагчдад зориулагдав.
Энэ номыг нэг удаа унших бус, 6-12 сар тутам өөрийгөө үнэлэн сорьж, өмнөх дүнтэй харьцуулбал Таны бүтээлч сэтгэлгээ, хамтрах итгэл нэмэгдэж, амьдрал, ажлын зорилгоо хослуулан хэрэгжүүлэхэд дэмжлэг болно.

Би-гээс Бид хүрэх зам бол оюун ухаан, сэтгэлгээ, хандлага, үйлдлээ хөгжүүлэн тэгшлэх өлзийт зам болно. Амжилтад тэмүүлсэн, түүндээ хүрсэн хүмүүс “бид” хэмээн бардам өгүүлж, хамтарч  чаддаг ажээ.  Өөрийгөө таньж, ур чадвараа нээн, хөгжүүлснээр “сэтгэлээ засаад, өрхөө тэгшилж, улсдаа тусалж”, бодиттой бүтээлээрээ бусдаас тодордог.
Бүтээлийг уншиж, удирдлагын сэтгэл зүйн мэргэжлийн зөвлөгөө өгсөн доктор, профессор Ч.Санжмятав багшдаа баярласнаа илэрхийлж, судлах сургах үйлс тань улам их дэлгэрч байхын өрөөл дэвшүүлье!
Удирдахуйн ухааны судалгаа, сургалт, удирдах, зөвлөх ажлын туршлагадаа тулгуурлан уншигч, сонсогчдын хүсэлтээр номын хоёр дахь хэвлэлийг шинэчлэн бүтээснээ өргөн барив. Санал, хүсэлт, талархлаа ирүүлсэн Та бүхэнд баярлалаа. Таны өөртэйгөө ажиллах, бусдыг удирдах үйлсэд амжилт хүсье!
Номын цагаан буйн дэлгэрэх болтугай

Удирдлагын Академийн
Менежментийн тэнхимийн
дэд профессор, доктор (Ph.D) Г.Жаргал 
Удирдлагын Академийн докторант Н.Сэлэнгэ
2015.11.12

Редакторын үг

“Би- гээс Бид хүрэх зам” хэмээх өвөрмөц нэртэй энэхүү бүтээл нь удирдахуйн сэтгэл судлалын ухаанд хэрэглэдэг хүнийг шинжин таних аргуудыг ойлгомжтой, гүн утгыг нь алдагдуулалгүй авч үзсэн нь ихээхэн чухал ач холбогдолтой болжээ.

Зохиогчид гадаадын эрдэмтдийн үзэл, загвар дээр суурилан шинэлэг санаа, загвар гаргаж уран сэтгэмжилсэн байдал нь ихээхэн сонирхол татаж байна. Жишээ нь: Жаргалын хөгжил- итгэл загвар
Уг бүтээлд хүн өөрийгөө хэдийчинээ гүнзгий ухаарч ойлгож чадна тэр хэмжээгээр бусдыг нээж, тэдэнд нөлөөлж удирдан жолоодох юм гэсэн үзэл санаа нэвт шингэсэн мэт санагдана.      

Хүний зан ааль, гадаад төрх байдал, явдал суудал, хийж байгаа ажил үйл, хэлж байгаа үг, бие эрхтэн, эх дэлхийн  жам зүй тогтол хийгээд төрж өссөн цаг хугацаа, амьдарч буй орон зайгаар нь танин шинжих цогц ухааныг бидний өвөг дээдэс үе дамжуулан уламжилж, судар номондоо бичиглэн үлдээсээр арвин баялаг туршлага хуримтлуулсан нь номч эрдэмтдийн сонирхлыг татсаар байна.

Бүтээлийн төгсгөлд Монголчуудын уламжлалт удирдахуйн ухаанд суурь, зарчим болж ерөнхийлэгдсөн сэтгэлгээний үр дүнгээс авч ашигласан нь уншигчдын урмыг өдөөх цахиур болжээ.
Цаашид зохиогчид өөрийгөө болон бусдыг шинжин таних, оношилохуйн ухааны аргуудыг иж бүрэн  байдлаар нь нутагшуулан, хэд хэдэн удаа давтан туршилт судалгаа хийж дасган хэвшүүлж, хэрэглээнд оруулах нь хүний нөөцийн удирдахуйн ухаанд ихээхэн дэвшил авч ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Өсөн дэвжих тэмүүлэлтэй, ажил хэрэгч хүмүүст зориулсан арга зүйн шинж чанартай энэ номыг миний бие ихэд тоон олзуурхаж хянан тохиолдуулахын ялдамд хүндэт зохиогчдын бүтээл арвин, үг нь цэцэн, үзэг нь хурц байхын ерөөл өргөе!
Удирдлагын Академийн
Социологи, сэтгэл зүйн тэнхимийн эрхлэгч
Доктор, профессор Ч.Санжмятав



Монгол сум


Монгол сум (найраглал)

Гүррагчаагийн Жаргал
Түмэн шаньюгаас залгамжилсан тавин хоёр шанью
Түрэн тэлсэн Хүннү Сүннүгийн эрхэмсэг оршихуй
Түмтийн задралаас үүдэлтэй салан тусгаарлал
Түүхэнд дуурсагдах ялалт, ялагдлын давалгаанд
                                          Монгол хүмүн сумтайгаа

Модун шанью “Газар бол улсын үндэс” хэмээн
Эх орныхоо газар нутгийг тамгалж
Монгол үндэстнийг үүсгэн жолоодохдоо
Их дуут сумаа онилсон

Өндөлзөх дайсанг өглөө бүр сануулах
Өвч бүрэн цэгцэрсэн сум
Өнгөрсөн өдгөө өсөлтийг бэлгэдэх
Өнө мөнхөд орших Монгол сум

Азиас Европруу даяаршлыг эхлүүлсэн
Атилла, Чингис хаадын нум сум
Аравт, зуут, мянгатын тогтолцооны 
Арвин их ухааны мэргэн онь

Монгол морины омголон  давхианд
Мойл хар байг  оносон сум
Мордоод буухдаа түүхээ тэмдэглэсэн
Монгол бичгийн үйлэн сум

Эрхийн мэргэний эрчит цагаан сум
Эрийн гурван наадмын хийморь сэргээсэн сум
Эрх дураар бэлчих зээрийг эндүүлсэн сум
Эвийг сургасан  Алангоо эхийн сум

Халуун хүйтэн цагт ч
Хүсэл тэмүүлэл оргилохдоо
Хөх толбот нумаа хөвчлөн
Хүйн сумаа тавьдаг.
Бадрах буурахдаа хэрсүүжин тэвчиж
Балмадын үед гараа чивчиртэл атгасан сум
Даяар монголыг ар, өврөөр нь хувааж
Дагаар оруулахад гацаагүй сум

Ан гөрөө, аян дайны олз омог дүүрэн
Аж төрөх  ёсон малчны ухаанаар солигдож
Харийн дайсантай мөчөөрхдөг үе улирч
Хөршлөн найрсахад дэнсэлсэн сум

Цагийн өнгөөр сумны үүрэг өөрчлөгдсөн ч
Цаглашгүй их хүсэл тэмүүллийг агуулсан
Цаазат төрийн сүр жавхаа,  Монгол
Цэргийн дайчин суман

Энхийн үедээ энгүй талдаа нүүдэллэн
Эвсэн айлсахад зохицсон сум
Эрсдэл үүссэн үед зуун тавин эрс эгнэн
Эрч хүчээ нэгтгэхэд бэлэн сум

Зууны тэртээ тусгаар тогтнолоо бататгаж
Зуун тавин өрхөөр тунхагласан сум
Засахуй ухаанаар тэгширсэн
Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж

Буурал түүхийн ээдрээт нугачаанд 
Бүрэлдэн тогтсон Монгол сум
Бүтээл амжилтаа түгээн цоллуулах
Бүгд эвсэхийн үүтгэл аймгийн сум

Хан төрийн есөн билэгдэл сумаа
Хүндэтгэн дээдэл юу
Хүй элгэний аргамжаа сумаа
Хүмүүн бүр алдаршуул юу

            Эх орныхоо нутаг дэвсгэрийн төлөө
            Эрэмгий дайчин үйлсээ зориулсан
Эцэг өвгөдийнхөө гавьяат үйлсийг
Эрчлэн үргэлжлүүлнэм бид.

Монгол Улсын тусгаар тогтнолын 100 жилийн ойн өдөр 
2011 оны 12 дугаар сар 29-нд бичиж
Эрхэм оюут та бүхэндээ өргөв  өө!

Манлайлал